Жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгах боломжтой боллоо. Та Цагдаагийн ерөнхий газрынhttp://www.service.police.gov.mn хаягаар орж жолооны үнэмлэх, зөрчлийн оноо буюу жолоодох эрхийн лавлагааг авах боломжтой.
Мөн гомдол мэдээлэл өгөх, эрэн сурвалжилж буй иргэдийн мэдээлэл, хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл ч энд байрших юм байна.
Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар жолооч бүр зөрчлийн 10 оноотой болж, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэл, нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасч байхаар болсон.
Хоёрдугаар сарын 1-нээс тооцож эхэлсэн зөрчлийн оноо дууссан жолооч нар дахин сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн тохиолдолд дахин олгох юм. Мөн алдсан оноогоо тухайн үедээ Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж, сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой.